Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд элэгний С вирүсийн халдварын эсрэг дэвшилтэт бүтээгдэхүүн MyDekla /Daclatasvir/ эмийн дээжээс ХСҮТ-н хяналтанд эмчлүүлдэг 2 өвчтөнд гардууллаа. Энэ үйл явдал элэгний С вирүсийн халдвартай 100 өвчтөн үнэ төлбөргүй эмчлүүлэх эхлэл болж байгаа юм. Монгол улсын нийт хүн амын 10 орчим хувь буюу 200 мянга гаруй хүн элэгний С вирүсийн халдвартай гэсэн харамсалтай судалгаа байдаг. Манай орон элэгний өвчлөл, нас баралтын зэргээрээ дэлхийд дээгүүрт ордог хэдий ч өндөр үр дүнтэй эм бэлдмэлүүд эмчилгээнд нэвтэрсний ачаар Монгол улс 2020 онд элэгний С вирүсээс бүрэн ангижирсан дэлхийн анхны орон болох боломж бүрдэж байгаа.
Гэвч зарим өвчтний генотип буюу вирүсийн генийн төрлөөс шалтгаалж элэгний С вирүсийн одоогийн эмчилгээ төдийлөн үр дүнд хүрэхгүй, эмчилгээ тохирохгүй байх тохиодол гардаг байна. Харин Монгол Эм Импэкс Концерны эмчилгээнд нэвтрүүлж буй MyDekla /Daclatasvir/ бүтээгдэхүүн нь бүх төрлийн генотипд тохирч элэгний С вирүсийг өндөр үр дүнтэйгээр эмчлэх юм байна.
Монголчуудын 95 орчим хувь нь 1Б генотиптой
Монголчуудын 95 орчим хувь нь 1-н Б төрлийн генотиптой байдаг. Энэ төрлийн хүмүүст одоо хэрэглэгдэж байгаа элэгний С вирүсийн эмчилгээ бүрэн тохирдог бол бүх өвчтөнд тохирох эмчилгээ Монголд өнөөдрийг хүртэл нэвтрээгүй байсан юм. MyDekla бүтээгдэхүүн нь бүх төрлийн генотипд тохирч үйлчлэх бөгөөд өвчтөн генотип тодорхойлуулах шаардлагагүй болж, эмчилгээний зардал тодорхой хэмжээнд буурах таатай боломж бүрдэж байгааг эмч өвчтөнүүд онцолж байсан юм.