Бишрэлт групп

Мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид аа,

Бишрэлт группийн банк санхүү, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй нийт хамт олныхоо өмнөөс Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж Хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн даргын зүгээс мэндчилж байна.

Нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хөгжлийн замыг сонгосон Монгол түмний 1990 оны шийдвэр нь өөрийгөө дайчлан хөдөлмөрлөдөг хүн бүрт өргөн боломж олгосон билээ.

Тухайн үед нам, төр, засгаас хамааралгүй бие даан амьдралын эх үүсвэрээ бий болгохоор ирээдүйдээ итгэн, чөлөөтэй сэтгэж, хөдөлмөрлөж явсан анхдагчид бид эдийн засгийн зохих хуримтлал бий болгож өдгөө хувь заяаныхаа эзэд төдийгүй төр, нийгмийнхээ өмнө өндөр үүрэг, хариуцлага хүлээж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй хамт олны нэгдэл болжээ.

Монгол улсын нийгэм, эдийн засаг тогтвор хөгжиж хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болж буй өнөө үед бизнес эрхлэгчид бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд их хувь нэмэр оруулж, хойч ирээдүйнхээ төлөө улам их санаа тавин ажиллах цаг болсон гэдэгт итгэж явдаг.

Бид бизнесийн олон талт үйл ажиллагааныхаа болон нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ үүгээр илэрхийлэн танилцуулахын ялдамд харилцан ашигтай хамтран ажиллахыг танд уриалж байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга